Туршилт

Cэтгүүлч Г.Тэгшсүрэн: "Болж л байна, болно доо” гэж боддог адилхан бодолтой хүмүүстэйгээ уулзах сайхан байгаа

“Бүх сэтгүүлч ижил, “шантаажчин”. Монголын сэтгүүл зүй худалдагдсан. Бохирдоод удаж байна, мэргэжлийн сайн бүтээл туурвидаг хүн байхгүй. Бүгд өнгө мөнгөний төлөө явдаг” гэх явцуу ойлголт нийгэмд ноёлоод удаж байна. Манай салбарын өнгөнд сайн нь ч, саар нь ч алхаж л яваа. Хэнбугай ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрлөж амьдралаа залгуулдаг. Хэрхэн, ямар замаар гэдэг сонин байх. Ялангуяа манай салбар. 

Нийгмээс ирэх үнэлэмж оргүй биш, нэг их хол зөрөхгүй. Гэхдээ нийтээрээ хүн чанарын эсрэг, нийгмийн сайн сайхны өөдөөс сөрөөд, мөнгөнд сохорчихсон гэвэл дэндүү өрөөсгөл. Нөгөө талд уншигч, үзэгч, сонсогчдын дийлэнх нь энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслээс алийг нь сонгож, хэн гэдэг сэтгүүлчид итгэх сонголт дээрээ алддаг. Түрүүлж чанга дуугарсан нь, тэнэг зоригтой харагдсан нь, хандалт их байгаа нь сайн гэдэг төөрөгдлөөс энэ бүхэн эхэлж байгаа болов уу. 

 

Атал амьдралын сайхныг, амьдрахын гоёыг мэдрүүлдэг, нийгмийг өөрөөр хардаг, бодит байдлыг дэлгэдэг, тоо ярьдаг, толгойгоо ажиллуулдаг, баримт үзүүлдэг, бүтээл туурвидаг, мэргэшсэн, мэргэжилдээ эзэн болсон сэтгүүлч маш олон. Гэвч тэд дэндүү даруухан. Энэ эмзэглэлээс “Бидний нэг” булангаа эхлүүлж байна.

 

Эхний зочноор GoGo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэнг урилаа. 

 

-Өмнө жил төрсөн өдрөөрөө бичсэн таны постыг би санаж байна л даа. Хүүхэд насныхаа ганцаардлын тухай цухас бичсэн байсан. Яриагаа тэр холоос эхэлбэл болох уу?

 

-Багадаа их ганцаардмал хүүхэд байсан. Хүн түрүүлж надтай харьцахгүй бол өөрөө харилцаа үүсгэж чаддаггүй. Энэ шалтгаанаас болоод ч тэр үү багадаа найзгүй байлаа. Охид хоорондоо найзлаад инээлдэж, хөхрөлдөх нь гоё санагддаг байсан ч “хэдүүлээ найзалъя” гээд гүйгээд очдог, шууд хэлчихдэг нүүрэмгий, адтай хүүхэд байгаагүй юм. Анх гуравдугаар ангид нэг охин хоёулаа найзалъя гэв ээ. Тэгж л найзтай болж билээ.

 

Тавдугаар ангид байх аа. Нэг банди мэссэжээр “хоёулаа үерхэх үү” гэж асуухаар нь тухайн үед баярлаад “нээрээ юм уу” гээд асуутал “зайл, тэнэг охин минь” гэдэг хариу ирсэн. Надад төдий хүнд санагдаж байгаа юм. Улам л хүнтэй харьцмааргүй санагдаж, би угаасаа л хүний нүдэнд “тэнэг охин” харагддаг юм байна гэдэг бодол бүр илүү хүчтэй болсон. Ингэж хүүхдүүдээс дөлж, зайгаа барьж явсаар дунд ангид орлоо. Ахисан зүйл нь том болохын хэрээр ямар нэг  давуу талтай болж, амжилт гаргах ёстой юм байна гэдэг бодол. Тэгээд би юу чадах билээ гэж өөрөөсөө асууна. Тэр нь шүлэг бичих байсан юм уу даа. Ингээд ахлах ангид орохдоо монгол хэлнийхээ хичээлд гайгүй, шүлэг бичдэг гэж үнэлэгддэг боллоо. “Хүрэл тулга” наадамд нэг, хоёрдугаар байр эзлэнгүүт хүүхдүүд найзалъя гээд өөрсдөө хүрээд ирэх болсон. Дандаа ганцаарддаг байсан надад гоё л санагдана шүү дээ.

 

Гэсэн ч нөгөө нэг өөрийгөө “тэнэг” охин гэж бодох, дутуу үнэлэх мэдрэмж маань байсаар л байв. Харин ангийн багш маань чи чадаж байна, бусдаас давуу ийм тал чамд байна гэдэг мэдрэмжийг өгч, итгүүлж чадсан. Би ч урам авч, нээлттэй болж эхэлсэн. Багш өөрөө асар нээлттэй хүн л дээ.

 

-Хүмүүсийн энэ хандлага юутай холбоотой юм шиг санагддаг байсан бэ?

 

-Ерөөсөө л тухайн хүний дотор хэн байх эсэх хамаагүй, гадаад үзэмжээр нь л тодорхойлж харьцдаг. Гэхдээ одоогийн нийгэм эрс өөр болсон. Тэр тусмаа GenZ нарт би үнэхээр хайртай. Тэд хэзээ ч хүнийг гаднаас нь өнгөц дүгнэдэггүй, дотор хүнийг нь сонсож, анзаарч, харж чаддаг санагддаг. Харин харагдах байдлаар нь хүнтэй харьцаад байгаа хүмүүсийн тухайд өөр. Хоёр хүн хоорондоо найз, нөхөд болоход хэн нэг нь авьяастай, хөөрхөн байх эсэх нэгдүгээр асуудал болчхоод байдаг. Гэтэл би зүгээр л сайн хүнтэй найзалмаар байхад гэдэг ч юм уу. Багадаа бол “би уг нь сайн хүүхэд шүү дээ. Яагаад надад найз байдаггүй юм бол” гээд бодоод л байдаг байж билээ.

 

-Тэр ганцаардлуудыг яаж давдаг байв?

 

-Ном л уншсан, үргэлжлүүлээд зүгээр л амьдарсан. Ганцаардаад байгаа хэрнээ хүн болгоныг ойлгодог байсан. Гэхдээ хэн ч намайг ойлгодоггүй байсан. /инээв/ Ангийн хөвгүүд хоорондоо зодолдчихоод чимээгүй болоод нэг нэгээрээ сууж байгааг нь хараад “дотроо уучлал гуймаар байгаа байх даа” гэж боддог ч юм уу. Хэн нэгэн надтай юм яривал түүнийг анхааралтай сонсоно. Ер нь хүн надтай тоож ярихад чин сэтгэлээсээ сонсдог, ойлгохыг хүсдэг байлаа. Ингээд зүгээр л хүнийг сонсдог хүн болчихсон. Бүх юм хоёр талтай гэдэг шүү дээ. Ганцаардсан мэдрэмж намайг хүнийг сонсож сургасан. Ингэж бусдыг сайн сонсож сурсан минь надад өнөөдөр ажил мэргэжлийн хувьд маш их хэрэг болж байгаа.

 

-Уншдаг, бичдэг байсан энэ дадлууд сэтгүүлч болоход нөлөөлжээ?

 

-Монгол хэл, уран зохиолын анги байсан болохоор багш “та нар сэтгүүлч болно шүү дээ” гэдэг. Би ч “аа заза сэтгүүлч л болох юм байна” гэж ойлгоод л. Бусдаар карьертай болно гэдэг ч юм уу сүртэйгээр боддоггүй. Ямартай ч сургуулиа төгсөнө, мэргэжилтэй болно, ажил хийнэ, амьдарна л гэж боддог байсан.

 

-Сэтгүүлч мэргэжлээр хэдэн онд төгсөж, ажлын гараагаа эхэлсэн билээ?

 

–2015 онд төгсөөд, намар нь есдүгээр сард анхны ажилдаа орж байлаа.

 

-Сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн анхны мэдрэмжийн тухай асуумаар байна. Хаана ч очиж, хэнтэй ч уулзаж болдог онцлогтой мэргэжил шүү дээ. Гэтэл нөгөө дотоод хүнтэйгээ зөрчилдөх тохиолдол гарч байв уу?

 

-Нөгөө ганцаардаад, хүнээс дөлөөд байдаг мэдрэмж чинь ажил дээр гараад ч байсан. Хүмүүсийн нөгөө л хандлага байсан гэсэн үг шүү дээ. Нийгмээс сэтгүүлч хүн гоё ганган байх ёстой гэдэг хүлээлттэй. Өндөр өсгийттэй, хослолтой ч юм уу гоё эмэгтэйгээр төсөөлдөг. Яагаад энгийн нэг хүн байж болохгүй юм мэдэхгүй. Биднийг сэтгүүлч болоход энэ үзэл хүчтэй ч байсан үе. Ярилцлага авах гээд нэг даргын өрөөнд ороход л андашгүй. Дээрээс доош нь гүйлгэж хараад л. Тиймэрхүү дорд үзсэн хандлагатай зөндөө таарсан. Энэ  чадах уу, юугаа чаддаг юм гэж хардаг. Тэр хандлагыг ярилцлагынхаа явцад мэдрээд бодол нь өөрчлөгдтөл хийнэ дээ гэж хичээдэг байлаа. Чамд би чадаж харуулна аа гээд байгаа юм уу даа. /инээв/. Гэсэн ч намайг анх тийм нүдээр харчихсан учраас хэзээ ч сэтгэлд нь хүрдэггүй. Би дорой харагдсан байж болно, тэр бол хүний үнэлэмж. Гэхдээ хийсэн ажлаа хүртэл үнэмжээр үнэлүүлэх бол үнэхээр онцгүй мэдрэмж л дээ.

 

-Санаанаас гардаггүй, сэтгэлд гүн үлдчихсэн үйл явдал, яриа байна уу?

 

-Тээврийн цагдаагийн албанынхан сэрэмжлүүлэх зорилгоор сэтгүүлчдийг осолд орсон хүмүүстэй уулзуулсан юм. Тэгтэл гэр бүлээрээ зугаалж яваад осолд орж, эхнэр нь газар дээрээ нас барсан залуутай ГССҮТ-д очиж уулзлаа. Тэр залуу уйлаад л, охин нь хажууд.

 

Залуу өөрөө зүүрмэглэчихсэн юм байна лээ. Эхнэр нь жил бүр далай үзнэ гэж ярьдаг байж. Замдаа “охин нь далайгаа үзэх гээд явж байна” гэж ээжтэйгээ сүүлийн удаа ярьсан гэв. “Би эхнэрээ алчихлаа, хамаг амьдралаа алдаж өөрөө хөлгүй болчихлоо” гээд уйлаад л байсан. “50/100 цогцолбор өнгөрөхөд өөдөөс нэг цэнхэр машин ирж яваа харагдсан. Тэгээд би эмнэлэгт сэрсэн” гээд л. Эсрэг урсгал руугаа орчихсон юм билээ.

 

Тэр үед сэтгүүлч болоод удаагүй ч байсан. Анх удаа л ослын улмаас гэр бүлийн гишүүнээ алдсан хүнтэй тийм ойр уулзаж үзсэн тул тэр залуу л бодогдоод байдаг юм. Энэ хүн одоо эхнэргүй цаашид яаж амьдарна аа, бас хөлгүй. Энэ хүүхдүүд ээжгүй хэцүүднэ дээ гээд их гүн бодсон. Одоо замд машин бариад явахад энэ харамсалтай үйл явдал дандаа бодогддог. Хаа байсан холоос нэг машин уруудаад ирж явахад ч бодогдоод байдаг. Хөдөө замд явж байхад өөрөө унтахгүй, жолоочийн нүдийг байнга хараастай. Ер нь хүн мэдээ, мэдээлэлд ойр байхын хэрээр учраагүй зовлон, бэрхшээлийг ургуулан бодож алив зүйлд хэт санаа зовдог болчихдог юм уу. Хар бараан ч гэсэн ярьчихлаа. Иймэрхүү зүйлүүд ер нь үлдчихдэг, сайн муу хоёулаа.

 

Сүүлийн үед “Маргааш ажилтай” ярилцлагын булангаараа дамжуулж олон “гоё” хүнтэй уулзаж байгаа. Тэр хүмүүс олны танил биш, гэхдээ хийж бүтээсэн зүйлтэй. Тэрийгээ дандаа гайхуулаад яриад байдаггүй. Зүгээр л урдах ажлаа сайн хийгээд амьдарч байгаа хүмүүс. Их амжилтад тэмүүлээд байхгүй, “болж л байна, болно доо” гэж боддог. Өөртэйгөө адилхан бодолтой хүмүүстэй уулзах сайхан байгаа.

 

-”Маргааш ажилтай”, “Гутал” зэрэг булангаар нь таныг таньдаг, мэддэг, хүлээж уншдаг олон хүн бий. Ийм нэг булан байя, гэхдээ тийм л хүнийг сонгоё гэдэг цэвэр сэтгүүлчийн мэдрэмж, харах өнцөг байх. Энэ санаа, анхны сэдэл түрүүн хэлдэг шиг энгийнээс л ургаж гараад байна уу?

 

-Их сүртэйгээр бодох хэрэггүй дээ. Манай гэр хороололд сэдэв их шүү дээ. Нэг өдөр ажлаа тарчхаад автобусанд суулаа. Тор дүүрэн хүнс барьсан эгч явж байна. Хараад зүгээр л энэ эгчийн торонд юу юу байгаа бол, очоод ямар хоол хийх гэж байгаа бол, гэрт нь хэн хэн хүлээж байгаа бол гээд л. Удалгүй эгч утсаар ярингуут хэн хэн байгаа нь бараг тодорхой болчхож байгаа юм. “Аавыгаа тэг гэж хэл, би одоо очиж байна. Одоо буулаа” гэх жишээний. Тэгээд би цааш нь ургуулаад бодлоо. Эгч хариад бууз хийж идээд ч юм уу, торных нь завсраар кетчуп цухуйгаад. Санаа нь хүмүүсийн худалдан авалтыг, барьж яваа торыг дагая. Ингэхдээ хүмүүс ингэж амьдарч байна, амьдрал нь иймэрхүү байна гээд харуулъя. Энэ чинь өөрөө нийгмийн асуудал шүү дээ гээд бодохгүй юу.

 

Ирээд редакцдаа танилцуулахдаа “нэг өдөр тор, дараа нь гутал дагаад сурвалжилга хийе” гэв ээ. Тэгтэл “олон өөр байснаас гутлаараа л дагначихмаар юм биш үү” гэдэг санаа хэлж байна. Би ч нээрээ тийм, хүн болгон гуталтай шүү дээ. Тэр гутлууд хаа нэг тийшээ очиж байгаа, ард нь амдрал байгаа. Амдралынх нь ард ямар асуудал байгаа юм гэдгийг гаргаж ирье, бичье гээд эхэлсэн. Хүн харахад бол манай зурагчин Өөнөө бид хоёр зорилгогүй гараад явдаг. Жолооч “хаачих вэ” гэхээр “заа уулын орой явна аа” гэдэг ч юм уу. Мэдээж тодорхой сэдэвтэй л дээ. Ер нь зочноо гудамжнаас олох илүү амьдралтай. Янз бүрийн амьдралтай хүмүүс алхаж байгаа шүү дээ. Тавилттай юм байхгүй. Зарим нь бүтнэ, зарим нь бүтэхгүй тэгж явах л сайхан.

 

-“Автобус тэмдэглэл” хуудсаа хэзээнээс хөтөлж эхэлсэн бэ?

 

Цар тахлын үеэр 2022 онд. Хүмүүс чинь автобусанд хамаг амьдралаа ярина. Зарим нь уйлна, утсаа чанга яригч дээр нь тавина. Хүний яриа сонсоод байгаа мэт боловч цаана нь нөгөө л асуудал байдаг. Нэг эгчийн хүүхэд нь бөгжийг нь ломбардад тавьчихсан. Өөрийг нь мэдээгүй байхад тэтгэврийн зээлийг нь авчихсан, тэтгэвэргүй гэдэг ч юм уу. Энэ бүхэн чинь өөрөө амьдралын нэг өнгө. Хүмүүсийн ухамсар, ёс суртахуун хаана яваа юм. Ямар асуудал тулгараад байна. Энэ бүхэн түрүүн хэлсэнчлэн бодитоор гудамжнаас, автобуснаас олддог.

 

Би ордон орох дургүй ээ. Худлаа санагддаг, гишүүд хүртэл. Тэрний оронд гадаа алхаж яваа хүн хамаагүй үнэн байдаг. Хүний амьдрал л болсон хойно ямар нэг асуудалтай, түүнийгээ хэлнэ. Гэхдээ л гэрт нь яваад оронгуут нэг тийм гоё амьдарч байдаг.  Гэр нь хав халуун, дулаахан. Сүүтэй цайтай, бор цайтай янз янз. Гол нь утга учиртай, үнэ цэнтэй хөдөлмөрөөрөө үнэн амьдарч байдаг. Одоо чинь хүмүүсийн инээд хүртэл худлаа болчхоод байна шүү дээ.

 

-Нөгөө талд зарим хүмүүсийн амьдралаас эмзэглэл эрхгүй төрдөг л дөө. Тэр эмзэглэлийг хэр өөр дээрээ тусгаж авдаг вэ?

 

-Төрөлгүй яах вэ. Би нэг хорооны цагдаагийн ажлыг сурвалжлахаар дагаад явлаа. Нэг ээж баривчилгаанаас дөнгөж гэртээ иржээ, хашир хүүхдээ орхиод уугаад алга болчихдог гэж байгаа. Цагдааг харчхаад “Өө сайн байна уу. Одоо ёстой уухгүй ээ” гэж гүйгээд л. Гэрт ой гарантай жаахан охин нь унтаж байна. Өвөөгийнх нь гэр юм билээ. Тэр гэр л хамгийн гайгүй орчин болж таарч байгаа юм. Охины хумс аймаар урт ургачихсан, хиртэй. Тэр хумснаас л охин хэр хэмжээний анхаарал халамжид амьдарч байгаа нь харагдаж байгаа юм. Усанд оруулж, хумсыг нь авах бол бүр холын халамж. Өлсөх ч энүүхэнд. Энэ гэрт гал түлдэг болов уу, даардаг байх даа. Ээж нь уугаад алга болсон үед энэ хүүхдийг уйлбал хэн аргаддаг, янз бүрийн авиртай хүмүүс айлгаж ичээвэл хэн хамгаалдаг байж таарах вэ гээд л түмэн юм бодогдоод уйлмаар санагдсан. Болоогүй ээ, охин дээрээ ахтай. Ах нь 108 руу өөрөө дуудлага өгч оччихоод буцаад зугтаагаад хүрээд ирсэн. Аль хэзээний том хүн шиг болчихсон, эвдэрчихсэн. Юугаа ч мэдэхгүй жаахан хүүхдүүд эцэг эхийн буруугаас болж тэгж зовж байгааг харах л их хэцүү байдаг.

 

-Өөрийн амьдралтай жишиж, харьцуулах тохиолдол гарч байв уу. “Би сайхан амьдарч байгаа юм байна” гэдэг ч юм уу?

 

-Энэ хүмүүсийг бодоход миний амьдрал сайхан байна гэж бодож байснаа санахгүй байна. Ер нь тэгж бодож болохгүй байх аа. Хүн бүрийн амьдрал хувь хувьдаа үнэ цэнтэй шүү дээ. Би ямар ч айлын хаалгаар орсон тэр доторх амьдралыг хүндэлнэ гэж боддог.

 

Нэрийг нь санахгүй байна. Нэг кинон дээр “Эрхэмлэх зүйлгүй амьдрал утгагүй шүү” гэж хэлдэг. Тэр үг надад их үнэн санагдсан. Ажлаа хийгээд явахад их бодогдоно оо. Жишээлбэл, манай салбарт ёс зүйгүй, новшийн юм хийж байгаа ч их гоё амьдарч байгаа хүмүүс зөндөө байдаг. Тэдний хажууд би юмгүй байж болно, миний амьдрал ямар ч байж болно. Гэхдээ надад байгаа илүү зүйл нь эрхэмлэх зүйлтэй амьдрал.

 

Салбар гэснээс сэтгүүлч нар өөрсдийгөө “Би бол сэтгүүлч” гэж тунхаглаад, нэг тийм тусдаа хүмүүс юм шиг дүр бүтээх гээд байгааг ойлгодоггүй юм. Би зүгээр л бусдын адил их сургууль төгсөж, ромбо диплом аваад, тэр эзэмшсэн мэргэжлээрээ ажил хийж хариуд нь цалингаа аваад амьдралаа залгуулж яваа л хүн, тийм ч баймаар байна.

USD: 3575.83

EUR: 4149.21

JPY: 22.36

GBP: 4799.48

RUB: 47.89

CNY: 527.71

KRW: 2.32

Цэс