Туршилт

Дүүтэйгээ нэг ангид сурдаг Т.Тэнүүн: Хөл дээрээ заавал босно, би чинь ах хүн шүү дээ. Эгч, ээжийгээ бас хамгаалах ёстой

Дуусашгүй урт, төдий хүнд санагдавч охорхон юм даа хүмүүний тавилан. Өнөөдөр дууллаа чиг маргааш уйлж болдог хорвоо. Баяр гуниг, жаргал зовлон нөхцөлгүй ээлжлэх бидний амьдрал. Тэмцэж тэсэж, итгэж найдаж, давж туулж чадаад л байвал шагнахаа мэддэг цаг хугацаа. Т.Тэнүүнтэй ярилцаж суухад эрхгүй ийм мэдрэмж төрөв.

11 настай охин дүүтэйгээ хамт нэг ангид суралцдаг энэ хүүгийн мөрөөдөл хязгааргүй. Чагнавал түүний дотор зах нь үл харагдах тэнгис, далай цалгилж байнам. Ганцхан “хөл дээрээ л босчихвол” гэдэг бодол түүнийг бариад байх шиг. Гэхдээ түүний үг бүхэн нь жигүүртэй. 

Тэр хөл дээрээ босож, найзуудтайгаа сагсан бөмбөг тоглож, гэрээсээ тэргэнцэртэй биш дугуйтай хичээлдээ очих мөрөөдлөө биелүүлэхээр БНХАУ-ын Шандунь мужийн Чиндао хотыг зорих гэж байна. Т.Тэнүүн 26 долоо хоногтой, 980 грамм жинтэй дутуу төржээ. Үүнээс үүдэлтэйгээр хүчил төрөгчийн дутагдалд орж, тархинд нь уйланхай үүссэнээр тархины саа саажилттай болсон байна. Өнгөрсөн  12 жилийн хугацаанд түүний гэр бүл, тэр өөрөө нэг ч удаа ухарч няцаагүй. Одоо эдгэх 90 хувийн магадлалтай хагалгаанд орно. Хагалгааны дараа багадаа хоёр жилийн эмчилгээ, хөдөлгөөн засал шаардлагатай тул 300 сая төгрөгийн зардлаа босгохоор тэд хичээж явна. 


-Т.Тэнүүн, 

“Хамгийн гол нь би алхаж сурна. Даван туулах гэдэг юмыг би ойлгож авсан. Сэтгэлийн хүч хэрэгтэй шүү дээ. Шантарч болохгүй. Шантраад байвал чи доошоо унаад л байна. Харин өөртөө итгэснээр, өөртөө итгэлтэй байснаар энэ бүхнийг даван туулж чадна гэдгийг спортоос ойлгож авсан. Зөндөө хүн унаад байна шүү дээ. Алдаад байна. Гэсэн ч алдаан дээрээ ажиллаад босоод л ирдэг. Энэ бол сэтгэлийн, сэтгэл зүйн хүч. Ийм учраас спортод хайртай” гэв.

-Харин түүний аав Ц.Тарваа,

“Хүүгээ хөл дээрээ боссон байгаагаар өдөр бүр төсөөлдөг. Аав шигээ өндөр нуруутай, царайлаг, өлчир бие хаатай. Мундаг том программист болоод хүссэн мэргэжлээ эзэмшчихсэн, ажлаа хийгээд л. Сагсан бөмбөг, хөл бөмбөгөө тоглоод явж байгаар төсөөлдөг дөө. Хүүгийнхээ тухай боддоггүй өдөр, цаг, минут ховор шүү”...

-Ээж Б.Номин нь,

“Миний хүү зүгээр л алхаад явж байх нь надад хангалттай, сайхан. Хийх бүтээх зүйлүүддээ бол өөрөө хүрчихнэ, чадна. Гол нь хүүгээ сэтгэл тэнүүн алхаад, дүүтэйгээ хөөцөлдөж тоглоод. Дүү нь бас хамт хийхийг хүссэн зүйлээ хийгээд. Тэр л мөчийг хүлээж байна даа” гэв.


Бид Олон улсын хүүхдийн баярыг угтаж энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.

58-р сургуулийн 6Г ангийн сурагч: Надад ганцаараа байх уу, томчуудын дунд явах уу гэдэг хоёрхон сонголт байсан


-Хүүхдүүдтэй хэр ойр, дотно байж чадаж байна?

-Жаахан байхаас л хүүхдүүд намайг тоодоггүй, зөвхөн томчууд л тоодог байсан. Энэ нь надад нэг талаараа гунигтай, нөгөө талаараа хэвийн зүйл шиг санагдаж эхэлсэн л дээ. Надад ганцаараа байх уу, томчуудын дунд явах уу гэдэг хоёрхон сонголт байсан. Томчуудыг сонгосон. Надад хань болдог учраас тэр шүү дээ. 

-Хүүхдүүд чамайг тоохгүй байсан учир шалтгааныг юу гэж ойлгодог байв?


-Алхаж чадахгүй гэдэг ганцхан шалтгаанаар л тоодоггүй байсан. Хар багаасаа томчуудын дунд байсан учраас тэдний хэлдэг үг хэллэгийг цээжлээд авчихсан. Өөрөөр хэлбэл би тэдэн шиг ярьдаг болчихсон гэсэн үг. Хүмүүс ч ямар том хүн шиг ярьдаг юм бэ л гэдэг. 

-Oдоо бол олон найзтай болжээ. Хэзээнээс дотно нөхөрлөж эхэлсэн бэ?

-Би зургаан жилийн өмнө сурагч болж, энэ сургуульдаа элсэн орсон. Тэр цагаас хойш хүүхэд гэж ийм байдаг юм байна. Найз гэж ийм хүнийг хэлдэг, ингэж нөхөрлөдөг юм байна гэж ухаарч эхэлсэн. Өмнө нь хүүхдүүд намайг тоохгүй гэдэг бодлоор өөртөө хаалт үүсгээд байснаа ойлгосон. Тийм учраас найзуудтай болж чадсан.

-Найзгүй байсан, найзтай болсон. Тэр үеийн мэдрэмжээ илэрхийлж чадах болов уу?

-Анх миний онцлогийг ойлгоод найзлахад их сонин мэдрэмж төрсөн. Яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ яваандаа дасчихдаг юм байна лээ. Найзуудаас гадна бага ангийн Пүрэвжаргал багш маань их санаа тавьдаг байсан. Бүр бүх л зүйл дээр шүү.

-Ирээдүйн мөрөөдлийнх  нь тухай асуумаар байна. Xязгааргүй шүү дээ мөрөөдөл гэдэг?

-Маш олон мөрөөдөл байна даа. Жишээлбэл, хар багаасаа хөлбөмбөг үзсэн. Cагсан бөмбөгийг ч ялгаагүй. Компьютер тоглоом бас тоглоно оо. Ингээд дурдаад байвал олон бий. Хамгийн гол нь би алхаж сурна. Тэгэхдээ ямар спортоор хичээллэх вэ гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Олон мөрөөдөл дундаа хааяа төөрөх юм аа.

 

-Ер нь яагаад спортоор хичээллэхийг чухалчлаад байна вэ?

-Даван туулах гэдэг юмыг би ойлгож авсан. Сэтгэлийн хүч хэрэгтэй шүү дээ. Шантарч болохгүй. Шантраад байвал чи доошоо унаад л байна. Харин өөртөө итгэснээр, өөртөө итгэлтэй байснаар энэ бүхнийг даван туулж чадна гэдгийг спортоос ойлгож авсан. Зөндөө хүн унаад байна шүү дээ. Алдаад байна. Гэсэн ч алдаан дээрээ ажиллаад босоод л ирдэг. Энэ бол сэтгэлийн, сэтгэл зүйн хүч. Ийм учраас спортод хайртай. Тэр сэтгэлийн хүчийг надад өгдөг.

-Дүүтэйгээ хамт нэг ангид сурдаг юм байна?

-Дүү бид хоёр нэгхэн насны зөрүүтэй. Төрсөн өдөр маань бас нэг хоногийн зайтай болдог. Миний дүү их хөгжилтэй. Манай гэрийн атаман шүү дээ. Загнаж болохгүй, буцаагаад намайг загначих гээд байдаг талтай. Сүүлийн үед ах хүн шүү гэдгээ илүү мэдэрдэг болсон. Тэр ч утгаараа дүүдээ хааяа ингэж, тэгж болохгүй гэж хэлэх, загнах үе гарна. Гэхдээ удалгүй буцаад л уучлалт гуйчихна аа. Дүү минь их уяхан. 

-"Aх хүн шүү" гэдэг тэр бодол хаанаас төрж, ямар мэдрэмж өгдөг бол?

-Надад эмэгтэй хүнийг хамгаалах ёстой гэдэг төрөлхийн зан байдаг. Эгчээ, дүүгээ, ээжийгээ хамгаалах үүрэгтэй. Би чинь эр хүн шүү дээ. Эмэгтэй хүнийг цэцэгтэй л зүйрлэж боддог. 

-Гэр бүл, найзуудаас гадна хань болдог зүйл байна уу. Магадгүй дуу, хөгжим?

-Би багаасаа л хип хоп сонссон. Татар хамтлагийн дуунуудад хайртай. Хэмнэл сонсоод өөрөө үг зохиодог болсон. Гэхдээ цаасан дээр үгээ бичдэггүй. Толгой дотроо бичдэг. Нэмээд ICE TOP, NIRVANA гээд олон хөгжим сонсдог байсан. Одоо түлхүү хип хоп л сонсож байна даа. 

-Уулзахыг хүсдэг уран бүтээлч бий юу?

-Байгаа. Долоон настайгаасаа хойш BIG GEE ахын Монгол реппер, Хурдаа нэм зэрэг дуунуудыг нь сонссон. Ингэж л хип хопод хайртай болсон. Энийг л хип ход гэдэг юм байна гэж ойлгосон. 

-Никитон хамтлагийн Батчулуунтай бас уулзах мөрөөдөлтэй гэж сонссон?

-Тийм ээ. Анх Чи минийх гэдэг дууг нь сонссоноосоо хойш байнга сонсдог болсон. Үгийг нь цээжилж, өөртөө дуулж, өөр хүмүүст ч дуулж өгдөг байсан. Багадаа бол өөрийгөө солгой хоолойтой гэж мэдэхгүй, зүгээр л дуулаад…

-Энэ хоёр уран бүтээлчтэй уулзах нь чиний мөрөөдлийн нэг хэсэг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, миний мөрөөдлийн нэг хэсэг. 

-Удахгүй гадаад улс руу урт хугацааны эмчилгээнд явна гэж сонссон. Энэ хүртэл итгэлээгүй алдаагүй юм чинь хойшид ч хэвээрээ биз дээ?

-Надад “чи чадна шүү” гэдэг итгэл өгч байгаа бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Би өөртөө бас “чи чадна шүү дээ, чадахгүй зүйл байхгүй” гэж итгэл өгдөг. Тиймээс чадна гэдэг итгэлээр бүгдийг даваад гарна aa. 


С.Тэмүүжин, Б.Насандүүрэн, А.Тэмүүлэн: Найз маань л хурдан эдгээсэй


Зургийн тайлбар: Зүүн гар талаас А.Тэмүүлэн, Т.Тэнүүн, С.Тэмүүжин, Б.Насандүүрэн

-Та дөрвийн хувьд найз гэж хэн бэ. Нөхөрлөлийг юy гэж ойлгодог вэ?

-C.Тэмүүжин: Заа, би ёстой мэддэггүй ээ

-Тэгвэл та хэд яагаад найзалдаг юм?

-Т.Тэнүүн: Бие биенээ мэддэг, ойлгодог учраас найзладаг байх 

-C.Тэмүүжин: Бие биедээ туслахын тулд найзалдаг юм болов уу

-Т.Тэнүүн: Бас дандаа санаа нийлдэг учраас 

-А.Тэмүүлэн: Хоёулаа хэзээ санаа нийлдэг байсан юм 

-C.Тэмүүжин: Ингээд л хэрэлдээд эхэлчхэж байгаа юм

-Хичээлдээ ирээд өдөр бүр хамт хийдэг зүйл байна уу?

-C.Тэмүүжин: Тэнүүнтэй хамт нойл орох, хичээлээ хийх

-Т.Тэнүүн: Миний толгой өвдөхөөр ээлжилж намайг авч гардаг. Гурвуулантай нь хамт гарч болохгүй, багш зөвшөөрдөггүй. Тийм болохоор нэг нэгээрээ авч гардаг

С.Тэмүүжин: Hасаа өвөл нэг удаа авч гараад хөлдөж үхэхээ шахсан

-T.Тэнүүнийг ямар хүн гэж боддог вэ, үнэлдэг зан чанаруудаа бас хэлээч?

-C.Тэмүүжин: Их тусархаг 

-Б.Насандүүрэн: Маш нөхөрсөг, тусч. Энэ зан чанарт нь дуртай

-A.Тэмүүлэн: Зүгээр найз байгаа нь л чухал. Өөр ярих зүйл байхгүй ээ 

-Өөр яримаар байгаа зүйл юу байна?

-Б.Насандүүрэн: Найзыгаа л хурдан эдгээсэй гэж хүсэж байна даа. 

С.Тэмүүжин: Хурдан эдгэж хөл дээрээ босоод манай бөхийн бэлтгэлд хамт явна гэсэн

Т.Тэнүүн: Би заавал эдгэж ирээд хамт явна аа гээд амлачихсан байгаа

-А.Тэмүүлэн: Алхдаг болж ирээд намайг зодно гэсэн. Би ч гэсэн алхдаг болохоор чинь зодно л гэдэг юм

-Б.Насандэлгэр: Ер нь нэг тийм зодоонч хүүхэд л болох гээд байх шиг байна

-Хамт хийхийг хүсдэг өөр зүйл байна уу?

-Б.Насандүүрэн: Хамт сагсан бөмбөг тоглоно гэж ярьдаг

-C.Тэмүүжин: Хамт дугуй унахыг хүсдэг 

-Т.Тэнүүн: Би өөрөө сагсан бөмбөгийн спортод дуртай. Lakers багийг дэмждэг учраас найзуудтайгаа хамт сагс тоглохыг маш их хүсдэг. Би өөрийгөө их хөдөлгөөнтэй байна байх гэж бодоод байгаа

Түүний аав Ц.Тарваа, ээж Б.Номин: Хүү минь хөл дээрээ босоод алхахад л хангалттай


-Эхлээд хүүгийнх нь оношийг тодруулж асуумаар байна?

-Тархины саа саажилт G80 гэдэг оноштой. Тэр дотроо доод мөчдийн саажилттай. Тархины саа саажилтыг G80, 81  гэж хүнд хөнгөн хэлбэрээс нь шалтгаалж ангилдаг юм байна лээ. 

-G80 гэдэг хүнд хэлбэрийнх үү, хөнгөн хэлбэрийнх үү?

-Гэдэг нь манай хүү шиг булчингийн чангаралтай хүүхдүүдийг хэлж байгаа юм. G81 гэхээр бүр хүнд хэлбэрийнх болоод явдаг. Миний хүү ерөнхийдөө дундаж. Бүр хүнд биш, бүр хөнгөн биш. 

-Oюун ухаан бол саруул?

-Оюун ухаан бол цоо эрүүл, саруул. Тархины саажилттай хүүхэд гэхээр мэдрэл муутай, оюуны хомсдолтой болдог гэдэг буруу ойлголт нийгэмд байдаг. Бүтэн саажилттай хүүхэд байсан ч оюун ухаан нь зүгээр шүү дээ. Бас энэ бол олдмол зүйл. Жишээлбэл, миний хүү 26 долоо хоногтой буюу бараг зургаан сар хүрээгүй байхдаа дутуу төрсөн. 980 грамм жинтэй гарсан л даа. Үүнээс үүдэж хүчил төрөгчийн дутагдалд орж, тархинд нь уйланхай үүссэн. Уйланхай үүссэн хэсэг нь эд эрхтнээ захирдаг хэсгийнх нь эд эсийг үхүүлчихсэн гэсэн үг. Төрсөн цагаас нь хойш 12 жилийн турш тасралтгүй эмнэлэг, эмчилгээ гээд л явж байна.

-Эдгэрэх боломжтой гэж сонссон. Гадагшаа явж хагалгаанд орохоор шийдээд байна уу?

-Мэдрэлийн ёзоорын үзүүр тайрах хагалгаа гэж байдаг юм байна. Энэ хагалгаа нь 10 гаруй жилийн өмнө АНУ-д анх үүссэн юм билээ. Яг ийм саа саажилттай, булчингийн сулралтай хүүхдүүдэд хийгддэг хагалгаа. Хийлгэсний дараа бүх бие суларч, чангарлууд бүгд тавигдана. Үүний дараа хөдөлгөөн заслын тусламжтай энгийн хүн шиг алхаж, гишгэх боломжтой. Энэ хагалгааг судалж Япон, Энэтхэг, БНСУ, АНУ руу хандаж үзсэн л дээ. Мэдээж төлбөрийн хувьд ялгаатай. 

Бидэнд хамгийн боломжтой нь Энэтхэг улс санагдсан учир явахаар шийдэж холбоо тогтоож эхэлсэн. Энэ явцад БНХАУ-ын Шандунь мужийн Чиндао хотод Тархины гэмтлийг нөхөн сэргээх Runhot гэдэг эмнэлэг байдгийг олж мэдсэн юм. Тус эмнэлэгт одоогоор 218 хүүхэд, гэр бүл очиж эмчилгээ үйлчилгээ аваад маш өндөр үр дүн гараад байгаа. Жишээлбэл, яг миний хүүгийнхтэй адил оноштой 16 настай хүү жилийн өмнө очиж хагалгаанд орсон. Одоо бараг л жирийн хүн шиг алхаж байгаа. Одоо ч тэндээ эмчлүүлсээр л байна лээ. Энэ өөрөө үр дүн шүү дээ. Тиймээс бидэнд ч боломж байгаа гэж итгээд сонгосон.

-Эмчилгээний зардал мэдээж өндөр байх. Нэмээд өнгөрсөн 12 жилд бүхнийг өөрсдөө болгосон гэхээр санхүүгийн хувьд дахиад л амаргүй нөхцөл байдалтай тулах нь ээ?

-Хүү минь хөл дээрээ босох эцсийн боломж энэ гээд хэлчихэд буруудахгүй. Өмнөх тохиолдлуудад бүхнийг өөрсдийн зардлаар болгоод байсан ч энэ удаа өндөр төлбөртэй, маш урт хугацаа шаардагдах учраас олон нийт рүүгээ хандъя гэж зориглосон юм. Хандахдаа бодитоор хандъя, өрөвдүүлэх биш. Энэ төрлийн оношоор шаналж байгаа олон зуун гэр бүл, хүүхдэд итгэл бэлэглэе гэж зориод байна. 

-Явах хамгийн ойрын хугацааг хэдэн сард гэж төлөвлөж байна. Эмчилгээний зардалд хэдэн зуун сая төгрөг зарцуулагдах бол?

-Эмчилгээг хоёр жилээр төлөвлөж байгаа. Харин зарцуулагдах нийт төлбөр 300 сая төгрөг хүрэх тооцоолол хийгээд байна. Очоод нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Хагалгааны дараах эмчилгээ, үр дүнгээс олон зүйл шалтгаална. Дагаад өөрчлөгдөх байх. Гэхдээ болзошгүй эрсдэлээ тооцоолохгүй бол болохгүй шүү дээ. 

USD: 3575.83

EUR: 4149.21

JPY: 22.36

GBP: 4799.48

RUB: 47.89

CNY: 527.71

KRW: 2.32

Цэс