Туршилт

Охидоо 3 сартайд нь Монголоос өргөж авсан Элейн: Том охины маань төрсний гэрчилгээнээс аав, ээж нь нэрээ урсан байсан

Гуравхан сартайдаа Канад айлд өргөгдсөн монгол охид төрөлх эх орондоо түр иржээ. Тэднийг Тара Мөнхзаяа, Флор Цэцэгсайхан гэдэг. Одоогоос 30 жилийн өмнө зурагт харагдаж буй энэ канад эмэгтэй цирктээ ажиллах хүн олохоор нөхрийнхөө хамт Монголд иржээ. Түүнийг Элейн гэдэг. Тэд хүүхэдтэй болох боломжгүй ч анх ирсэн зорилго нь хүүхэд өргөж авах биш байж.

Элейний хэлж буйгаар тухайн үед Монголд орон гэргүй, харж хамгаалах хүнгүй болов уу гэмээр олон хүүхэд анзаарагдсан аж. Энэ эмзэглэлээс хүүхэд өргөж авах бодол төрж, нөхөртэйгөө ярилцаж ийн шийджээ.

Том охин Мөнхзаяа одоо 28 настай. Түүнийг 1998 онд өргөж авсан бол дүүг нь 2000 онд өргөж авчээ. Цэцэгсайхан одоо 26 настай.

Элейн охидоо Канадад өсгөсөн, канад хүн боловч энэ хугацаанд тэднийг монгол хүн гэдгийг нь мартуулахгүй байх бүх л зүйлийг хийжээ. Жижиг монгол гэр хийлгэж өгч, өв соёл, уламжлалаар нь тоглуулж, монгол эмээтэй хүртэл болгосон гэв. Мөн гэртээ нь ойрхон амьдардаг монгол хүмүүс, хүүхдүүдтэй аль болох ойр өсгөсөн байна.

-Хоёр охины төрсөн ээж, аавуудын тухай асуухад,

Охидын маань эцэг эхийн талаар тодорхой мэдээлэл байгаагүй. Гэхдээ том охины төрсний гэрчилгээ надад ирсэн. Тэр гэрчилгээнээс ээж, аавынх нь нэрийг ураад авчихсан байсан. Ганц Мөнхзаяа гэсэн охины маань нэр л байсан. Мөнхзаяа гэдэг нэр Канадад түгээмэл биш учир Тара гэж нэмээд Тара Мөнхзаяа болгосон. Одоо энэ нэрээрээ явдаг.

Бага охиныг маань Флор Цэцэгсайхан гэдэг. Төрсний гэрчилгээ байгаагүй. Харин төрсөн ээж нь гараараа бичсэн хуудас цаас үлдээсэн байсан. Харахад бичгийн хэв нь жаахан хүүхдийнх болов уу гэмээр санагдсан. Тийм учраас ээжийг нь их залуу хүн байсан болов уу гэж боддог.

Тэр цаасан дээр “миний амьдрал их ядуу, дорой учраас би охиноо орхиж байна. Охиныг маань сайн хүмүүс аваад, сайхан өсгөх болтугай” гэсэн утгатай зүйлийг бичиж үдээсэн байсан. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна. Гэхдээ энэ бүхэн сайхан зүйлүүдийн эхлэл байлаа шүү дээ” гэлээ.

-1996 онд анх Монголд ирээд гэр оронгүй, асарч хайрлах хүнгүй болов уу гэмээр олон хүүхэд харсан-

-Сайн байна уу, Элейн. Ярилцах зав гаргасанд баярлалаа. Анх Монголд хэдэн онд, ямар ажлаар ирж байв?

-Анх 1996 онд Монголд ирж байлаа. Тэр үед “Нарны цирк”-тэй холбоотой ажилладаг байсан юм. Өөрөөр хэлбэл цирктээ ажиллах хүн олохоор найзтайгаа хамт ирсэн.

-Монголын талаар ямар төсөөлөлтэй ирж байсан бэ?

-Тэр үед надад Монголын талаар мэдэх зүйл тун бага байсан. Уудам тал нутагтай, олон адуутай, монгол гэр гэж бий гэдгийг л мэддэг байлаа. 30 жилийн өмнө ирээд танилцсан анхны хүн маань циркийн дарга Батмөнх гэж хүн.

Ирээд гудамжинд гэр оронгүй, асарч хайрлах хүнгүй болов уу гэмээр олон хүүхэд харсан. Би нөхөртэйгөө хамт ирсэн л дээ. Бид хүүхэдтэй болж чадахгүй гэдгээ мэдэж байсан учраас “Монголоос хүүхэд өргөж авбал ямар вэ” гэж ярилцаад энэ тухайгаа Батмөнхөд уламжилсан юм. Тэгэхэд “та хоёр үнэхээр хүүхэд өргөж авахыг хүсэж байгаа бол тусалъя” гэсэн. Түүнийх нь дагуу бидний зүгээс шаардлагатай бүхий л бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Ингээд жилийн дараа буюу 1998 онд том охиноо өргөж авахаар дахин Монголд ирсэн. Дараа нь 2000 онд ирж бага охиноо өргөж авсан.

-Хоёр охин өргөж авсан гэлээ. Ямар нэг бэрхшээл тулгарсан уу?

-Хэцүү, том бэрхшээл тулгарсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ тэр үед гаднын хүн Монголоос хүүхэд өргөж авах тохиолдол олон байгаагүй. УИХ-ын гишүүнээс ч билүү зөвшөөрөл авдаг байсан санагдаж байна. Монгол Улсад Канадын элчин сайдын яам байгаагүй тул Бээжинд байдаг элчин сайдын яамаар бүх бичиг хэргээ дамжуулах шаардлагатай болсон. Харин 2000 онд хоёр дахь охиноо өргөж авахад бүх зүйл илүү тодорхой, амар болсон байсан.

Үүний дараа бид олон хүүхэд өргөж авч чадахгүй ч илүү олон хүүхдэд туслах зорилгоор Улаанбаатарт байдаг Хүүхдийг ивээх сантай холбогдож хандив тусламж өгсөн л дөө. Мөн амьдардаг хороогоор нь дамжуулж эмзэг дорой амьдралтай хүүхдүүдийн ар гэрт туслах, дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлсэн.

-Охид маш багадаа Канад улсад очжээ. Өөрөөр хэлбэл мэдээ орох цагаасаа эхлээд л тухайн улсын ёс уламжлал, хүмүүжлээр хүмүүжиж, хүн болж таарна. Гэсэн ч “монгол хүн шүү дээ” гэдэг язгуур өгөгдөл, яс чанар байсан байх. Манайд элэг ч ярьдаг. Энэ талаас хэрхэн анзаарч, ойлгож байв, та?

-Нэг зүйл санаанд орж байна. Би охидоо махан хоол идэх насанд хүрмэгц нь хонины махтай хоол хийж өгсөн юм. Монголчууд хонины маханд дуртай, үндэснийх нь хоол юм чинь гээд анхных нь махтай хоолыг хонины махаар хийлээ. Ястай мах чанаад, өөхийг нь ястай нь үлдээгээд зөвхөн махаа жижиглээд өгтөл том охин маань нөгөө өөхтэй ясыг аваад өөхийг нь нүүрэндээ, хүзүү, гартаа, биедээ түрхэж эхэлсэн. Би болиулаагүй, охин маань тэр үйлдлээ хийсээр л байсан. Надад үнэхээр сонин санагдаж билээ. Анх очиход хүүхдүүдийн асрамжийн газар хүүхдүүддээ сүүлний тос түрхэж байхыг би харсан юм. Тос ховор болоод ч тэр байсан юм уу мэдэхгүй. Тэгээд л охиноо зөнгөөр нь орхиод, зүгээр хараад суусан даа.

Бид охидоо Монгол ёс уламжлалаас холдуулахгүйгээр аль болох ойр байлгахыг хүссэн. Ихэвчлэн монгол хоол өгөхийг хичээдэг гэдэг ч юм уу. Манай гэр бүлтэй Төв аймгийн гаралтай Францад амьдардаг байсан монгол эмэгтэй их ойр байлаа. “Нарны цирк”-ийн тэр эмэгтэйтэй охидоо их ойр байлгасан. Хоёр охинд минь тоглох монгол гэр хүртэл хийж өгсөн шүү. Нэг талаараа охидын минь монгол эмээ нь байсан.

-Охид маань миний амьдралыг бүрэн, дүүрэн болгосон. Угаас гэр бүл минь шүү дээ-

-Та ер нь л монголчуудад элэгтэй хүн юм аа?

-Хоёр охиноо өргөж авахаас гадна нэг монгол эмэгтэйг охинтойгоо Канадад цагаачлахад нь тусалсан. Ээжийн хувьд надаас арван насаар залуу, харин охин нь долоон настай байсан санагдаж байна. Тэд манай гэртээ ойрхон амьдардаг байсан учир охидоо тэдэнтэй бас л ойр өсгөсөн. Ер нь л охидоо монгол хүн гэдгийг нь мартуулахгүйн тулд чадах бүхнээ хийсэн дээ.

-Зүгээр ч нэг хоёр охин өргөж аваад өсгөчхөөгүй. Эх орныг нь хүртэл тэнд аваачжээ. Юуг ч орхигдуулаагүй юм шиг санагдаж байна. Нөгөө талаар хүүхэдтэй болж чадахгүйн зовлон, тэр хоосон орон зайг хоёр охин нь дүүргэж өгчээ?

-Охид маань миний амьдралыг бүрэн, дүүрэн болгосон. Угаас гэр бүл минь шүү дээ. Хоёр охиноо тийм бага балчраас ийм сайхан залуу эмэгтэйчүүд болж өсөхийг нь харна гэдэг үнэхээр амьдралын утга учир юм. Би Монголтой холбоотой болоод 30 гаруй жил болчихсон байна. Хэдийгээр би монгол хүн шиг царай төрхгүй, монгол хэл мэдэхгүй ч Монголыг сэтгэл зүрхэндээ тээж, мэдэрч явдаг хүн гэж хэлнэ. Бид ямар яс үндэстэй, ямар онцлогтой байхаас үл хамаарч Кубек болон Монголын хүүхдүүдэд туслах ажил хийдэг. Үүндээ үргэлжид баяртай явдаг. Энэ ажилд маань тусалдаг олон сайхан хүн, байгууллага бий. Энэ хүмүүсийнхээ ачаар өдийг хүртэл ажлаа үргэлжлүүлээд явж байна.

-Энэ асуулт эмзэг эсвэл хэт хувийн санагдаж магадгүй, уучлаарай. Хоёр охин өргөж авсан гучаад жилийн өмнөх тэр цаг хугацаа руу эргээд очвол. Охидын төрсөн аав, ээжийн тухайд ямар нэг зүйл мэдэж авсан болов уу. Магадгүй ямар хүмүүс байсан бол?

-Охидын маань эцэг эхийн талаар тодорхой мэдээлэл байгаагүй. Гэхдээ том охины төрсний гэрчилгээ надад ирсэн. Тэр гэрчилгээнээс ээж, аавынх нь нэрийг ураад авчихсан байсан. Ганц Мөнхзаяа гэсэн охины маань нэр л байсан. Мөнхзаяа гэдэг нэр Канадад түгээмэл биш учир Тара гэж нэмээд Тара Мөнхзаяа болгосон. Одоо энэ нэрээрээ явдаг.

Бага охиныг маань Флор Цэцэгсайхан гэдэг. Төрсний гэрчилгээ байгаагүй. Харин төрсөн ээж нь гараараа бичсэн хуудас цаас үлдээсэн байсан. Харахад бичгийн хэв нь жаахан хүүхдийнх болов уу гэмээр санагдсан. Тийм учраас ээжийг нь их залуу хүн байсан болов уу гэж боддог.

Тэр цаасан дээр “миний амьдрал их ядуу, дорой учраас би охиноо орхиж байна. Охиныг маань сайн хүмүүс аваад, сайхан өсгөх болтугай” гэсэн утгатай зүйлийг бичиж үдээсэн байсан. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна. Гэхдээ энэ бүхэн сайхан зүйлүүдийн эхлэл байлаа шүү дээ.

Уучлаарай, надад тантай ярилцах тавхан минутын хугацаа үлдсэн байна. Бид өөр тийшээ явах ёстой юм л даа.

-Ойлголоо. Охидтойгоо хэд дэх удаагаа Монголд ирж байна вэ. Ямар ажлаар ирсэн юм бол?

-Хоёр охин маань анх 2010 онд Монголд ирж байсан. Дараа нь 2019 онд том охинтойгоо, 2024 онд бага охинтойгоо ирсэн. Монгол дахь үйл ажиллагааг маань хариуцдаг Дулмаа гэж эмэгтэй бий. Бид жил бүр Монголд, Канадад гэж ээлжилж уулзан ажлаа ярилцаж, төлөвлөдөг. Нэг жил нь би Монголд ирээд, дараа жил нь Дулмаа Канадад ирэх байдлаар гэсэн үг.

Цар тахлын үед энэ ажил маань зогссоныг эс тооцвол 15 дахь жилдээ үргэлжилж байна. Бид өөрсдөө гардаж хийдэггүй ч Монголд явуулдаг хүүхдэд зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг голдуу дэмжих байдлаар ажилладаг. Эцсийн зорилго нь бидний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүүхдүүд сайн сайхан амьдарч, зөв иргэн болон төлөвшиж, улсынхаа хойшдын ирээдүйг сайн сайхнаар цогцлооход хувь нэмрээ оруулах явдал юм шүү.

USD: 3576.28

EUR: 4128.82

JPY: 22.28

GBP: 4785.96

RUB: 49.59

CNY: 527.7

KRW: 2.34

Цэс